БИДНИЙ ХОТ

БИДНИЙ ХОТ

Сэдэв: БИДНИЙ ХОТ

 

Дэд сэдэв: Би Их Хотын Иргэн

 

МИНИЙ ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР, ГЭВЧ МӨН БОЛОВ УУ? (Сайтын бүтээлд)

 

Би Нийслэлийн барилгажсан хорооллын нэгэнд амьдардаг. Хууль, журам, ёс зүйг сахидаг, үнэт зүйлтэй, соёлжсон, нийгмийн хариуцлагатай, мэргэжлийн ур чадвар өндөртэй, Нийслэл Улаанбаатар хотын иргэн болохыг хичээж буй нэгэн. Гэтэл би Их хотынхоо агаар, хөрс, усны бохирдол, хог хаягдлыг нэмэгдүүлдэг, автозамын түгжрэлийг ихэсгэдэг нэг эх үүсвэр нь бас мөн аж. Энэ нь ажилладаг байгууллагадаа хичээн байж оруулж байгаа хувь нэмрээс минь давчихлаа.

 

Хэрхэн сайныг тэтгэхийн хамт, саарыг илүү хурдтай багасгаж, бүр арилгах вэЯаж? Хэзээ? Хэдий хэмжээгээр? Би ер нь чадах болов уу?

   

Ажлын бүтээмж, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг нэмэгдүүлэхийн төлөө явахын зэрэгцээ би, дээр дурдсан мууг сааруулах, улмаар арилгахын тулд энэ чиглэлийн батлагдсан МУ-ын хуулиуд, ЗГ-ын тогтоол, УБ хотын захиргааны зөвлөмж, түүний дотор ХОТ концепц зэргийг судалж үзээд, Нийслэлийн Хүндэт тэмдэгтэй иргэний хувьд, өөртөө зорилго тавив. Үүнд:

 

1. Зорилго

 

Ус, эрчим хүч ба түлээ нүүрсийг багаар ч болов хэмнэх арга олох, цаашилбал МУ-ын байгаль, цаг уур, бусад онцлог, давуу талыг бүтээлчээр ашиглаж, технологийн ололттой хослуулах замаар оптималь, зохистой хэмжээнд хүргэх;

 

Бүх төрлийн бохирдлыг бууруулах: Хөрс, ус, агаарын;

 

Интернетийг эрчимтэй ашиглах замаар Их Хотын түгжрэл багасгах;

 

Хогийн цэг хүргэх хаягдлын хэмжээг урьдчилан ялгаж, хоёрдогч түүхий эд авагчдад хүргэх, органикийг компостолж ашиглах замаар багасгаж, тээвэрлэлтийг ч бууруулах;

 

Дэд бүтэц байгуулах буюу цэвэр, бохирын, халаалтын хоолойнууд, тэр байтугай эрчим хүчний шугам явуулахгүй байх боломж хайх, шийдэл олох, нэвтрүүлэх;

 

МУ-ын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030 (ҮБ-2030)-ийн 2.1.5-н Зорилт.7-г хэрэгжүүлэхийг МУ-ын Засгийн Газарт уриалах;

 

2. Миний туршиж, ашиглаж буй зарим шийдэл, сайжруулна уу.

 


2.1 
Хятад аяга

Гал тогоондоо “хятад” хэмээх аяга, түүнтэй төстэй хэлбэртэй сав ашигладаг болов. Ингэснээр, угаахад зарцуулдаг халуун ус, 4 жилийн дунджаар, сэнжтэй аяганыхаас, 3 дахин бага байлаа. Тавиур дээр эзлэх зай, угаахад зарцуулах, цаг, хөдөлмөр ч багассан.

Худалдаж авахад үнэ нь ч хямд.

  

2.2 Өвөл тортог шүүгч, зун сэрүүн агаар оруулагч болдог төхөөрөмж бүтээснээ сонирхуулъя аа, сайжруулж ашиглана уу.

 

Гадаа, өвөл, агаарын бохирдолтой үед гаднаас тоос, тортогоор бохирдсон ч хүчилтөрөгчөөр баялаг агаарыг цэвэрлэн оруулж, сууцны агаарын чанарыг сайжруулах зорилгоор фильтр (2.5, 10 гм-ээр шүүлтийн төвшинг өөрчилж болно), ухаалаг удирдлага, сэнс зэрэгтэй төхөөрөмж хийж гал тогооныхоо салхивчинд байрлуулж ашиглахад өрөөнүүдийн агаарын чанар илт сайжирсан. 2 жил ашиглав. Гал тогооны өрөөнд байсан хөргөгч хоногт 30 минутаар бага ажилладаг болж эрчим хүч хэмнэж байв. БГД, 8-р хороо, 10-р байр, 9 давхарт. Зуны хөвөн хийсдэг үед фильтр тэдгээрийг оруулахгүй. Халуун үед энэ сэнсээр хойд талын сэрүүн агаар татаж авч байрыг сэрүүцүүлдэг байв. Энэ нь эйркондишнд зарцуулах эрчим хүчийг давхар хэмнэдэг.

 

2.3 УБ-ын гэр хороололд ашиглаж болох жорлонгийн нэг загвар боловсруулснаа танилцуулъя.

 

МУ-д төдийгүй БНХАУ, ОХУ болон бусад оронд нийтлэг (өндөр үнэтэй, олон технологи шингээсэн, эрчим хүчинд холбосон шийдэлтэй ч энэ шийдэл, өвлийн өдрийн хугацаанд, өрсөлдөх чадвартай) ашигладаг гадна жорлонд байдаг нэг дутагдал нь дотроо өвөл нь их хүйтэн, зун үнэр их, ялаатай. МУ-ын стандарт жорлонгийн өндөр тал нь хойноо тул хаврын салхины даралтад хазайх, дээвэр нь хуурах магадлалтай. Хаалга нь ихэвчлэн хойноо тул хүйтэн салхи дотогш шууд ордог. Хоолой хийсэн ч түүгээр дээш соролт үүсэх магадлал, нэмэлт сэнс суурилуулаагүй бол, бага.

Загварт харуулсан жорлонгийн урд, наран тал поликарбонат (шил байж болно) нүүртэй. Түүгээр дотоод хана руу нарны энерги бууж дотор талыг халаана. Урд талд, дунд нь нүхний үнэрийг дээш нь сорох ховил байна. Дотор тал нь их халж доторх агаар нь хөөрөх тул үнэр соролт тэр хэмжээгээр эрчимтэй. Хаалга зүүн буюу нөмөр талд. Дотор талд хургасан тааламжгүй үнэртэй агаарыг хурдан зайлуулах гэвэл баруун ханын дундаас доогуурх, зүүн ханын дээд нээлхийг онгойлгоно. Энэ нээлхийгээр зун ялаа хөөх механизм тусгагдсан.  

Шээс ялгаж усыг нь шүүж авах, ялгадсыг боловсруулж компост болгох зэрэг технологийг энд хэрэглэхэд харин ч хялбар, энэ тухай энд дурдсангүй.

  

3. Хурдтай интернет бүхий ухаалаг, ногоон, хүний хөгжлийн барилгын хувилбар

 

МУ-ын нутаг дэвсгэр нарлаг, гадаргад буух энерги их. Мөн барилгыг, захын хороолол, хөдөөд нар хаагдаагүй газарт барих сонголт бий. Эдгээрийг тооцон, олон жил боловсруулсан, дараах зурагт тусгасан шийдэл дэвшүүлж байна. [5.3].

Барилгын дизайн:

Барилга аль болох 4 булангаас өөр булангүй байх. Дээвэр нь шувуун нуруутай бус, ийм барилга барихад хялбар материалын орц бага. Урд ханынхаа урдуур шилтэй. Шилтэй талын урт, мөн өндөр нь хэд ч байж болно. Харин барилгын урдаас хойшхи хэмжээ 6м-с ихгүй байх. Энэ тохиолдолд халаалтын нэмэлт зардал бага, нарнаас ихэнх дулаанаа авчихна. Хойшоо хэчнээн урт байна, төчнөөнөөр халаалт шаардана.

Дээрх загварын барилгын, 1м орчим өргөнтэй урд балкон руу дотроос шал орчмын хүйтэн, тоостой, янз бүрийн хийтэй агаар оруулахад тэр нь наранд халж дээш хөөрнө. Хөөрөх явцад нь тоос, нүүрстөрөгч болон бусад хийг нь ургамал аваад хүчилтөрөгч өгнө. Цэвэршээд, хүчилтөрөгчөөр баяжиж нараар халсан, байгалийн натураль агаарт дөхүү болсон агаар дотогш орно. Энэ барилгад 34 технологи (органик хаягдлыг компост болгож, ургамал, зүлэг бордоно, дээврийн төдийгүй талбайн ус хуримтлуулж авч цэвэршүүлэн угаалгад ашиглана, саарал усаа септикээр цэвэршүүлж мод зүлэг усална, гм) тусгасныг ОӨГ-аас лавлаж болно, тэнд өгсөн Шинэ бүтээлийн өргөдөлд тайлбарыг хавсаргасан. Чухал бүрэлдэхүүн хэсэг нь интернет. Дээд талд нь интернетийн аль болох хурдтай антенн харагдаж байна. Барилга шилэн кабельд залгагдаагүй бол радио релейгээр, үгүй бол 2G/3G/4G, эдгээр үйлчилгээгүй бол VSAT-р буюу заавал интернет авна. Үүнд [5.2]-г ашигласан.

 

Дээвэр дээр байгаа техникийн байр (ТБ) нь хүйтэн, халуун ус агуулах, мөн цахилгаан эрчим хүч хуримтлуулах батарей, нарны контроллёр, инвертер, барилгын ухаалаг контроллёр, кабелиуд зэргийг байрлуулах үүрэгтэй. ТБ-ны нүүрэнд нь нарны агаар, ус халаагчууд, нарны толинууд байрлуулна. Эдгээрийг дээр байрлуулснаар дор газар хэмнэгдэхийн дээр, хамгаалалт нь сайжрах юм. Нарны толинууд дээшилснээр тэднийг урд талын мод, бусад объект нарнаас хаах магадлал багасна.

 

Дээрх барилга нь төвийн дулаанд холбогдохгүй, иймээс халаалтын шугамын ирэх, буцах, цэвэр, бохирын хоолой хэрэггүй. Ахуйд ашиглах усаа байгалиас авчих тул уух  усыг зөөж/худгаас авна. Иймээс цэвэр усны болон бохирын хоолой шаардлагагүй. Ихэнх тохиолдолд эрчим хүчний шугам шаардлагагүй.

 

Дурдсан 34 технологийн ихэнх тусгагдсан тохиолдолд, барилгын Хөрөнгө оруулалтын зардал, одоо үеийн хамгийн хэмнэлттэй барилгаас ч нэлээд бага, ашиглалтын зардал нь хэд дахин, тооцоогоор, 5 ба дээш бага гэж гарсан. Иймээс хэмнэгдсэн мөнгөний заримыг нэг хүнд ногдох талбайг илүү том буюу стандарт 6 кв м-с 20-30илүү барьж, суугчдын амьдрах, бүтээх орчинг сайжруулахад зарцуулах боломжтой. Өрхийн үйлчилгээ, үйлдвэрлэл явуулах тааламжтай орчин бүхий талбай нэмэгдэх нь үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд нь дэмжлэг болно.

 

Хурдтай Интернет хүрснээр суугчид, иргэд боловсрол, эрүүл мэндийн болон тоолох аргагүй бусад үйлчилгээг гарч бөглөрөлд хувь нэмэр оруулалгүй, гэрээсээ авах болно. Мөн иргэд гэрээсээ интернетийн тусламжтай хэрэгтэй технологи бүтээгдхүүн, үйлчилгээгээ олж авч, бүтээгдхүүнээ Дэлхийн хэрэглэгчдэд хүргэнэ. Иргэд энэ барилга, түүнд шингээсэн технологийг өөрт тохируулан ашиглахын зэрэгцээ санал, гомдлоо хэлж байвал тэдгээрийг судалж үзэн дараагийн хувилбарт шаардлагатай өөрчлөлтийг тусгаж байх болно.

Барилгад байрлуулсан олон арван сенсоруудын мэдээллийг төв эпликэшнд татаж авч анализ хийсний үндсэн дээр, мөн үүнд хиймэл оюун ухаан ашигласнаар, сайжруулалтыг улам эрчимжүүлж, МУ-ын нөхцөлд тохирсон барилга, сууцны оптималь, бөөнөөр барьж болох хэд хэдэн загвартай тун удахгүй болно гэж найдаж байна.

 

4. Саад: УБ хотын захиргаанаас гарч байгаа олон шийдвэрт саад болж буй нэг зүйл байгаа нь МУ-ын ЗГ ҮБ-2030-н 2.1.5-ын Зорилт.7 [5.1] хэрэгжээгүй явдал, энэ нь гэр хороололд хүргэх шилэн кабелийн тарифыг сумдад хүргэдэгтэй адил өндөр үнэтэй буюу ₮80000/mbps байлгасан хэвээр. УБ-АНУ хоорондын тариф ₮15000/mbps, IPTV хүрсэн барилгажсан хорооллуудад суурин интернет ~₮4000/mbps орчмоор хүрдэг, тэнд WiFi үйлчилгээ бас бий, тэмдэгт тоолохгүй, хурд 2-8 mbps. Гэтэл гэр хорооллын багагүй хэсэгт хүрч буй хөдөлгөөнт интернетийн хурд хангалтгүй, тэгсэн атлаа тэмдэгт бүрийг тоолно, нэгж нь ихээр унана. ҮБ-2030-н 2.1.5-н Зорилт 7-д “үе шат (2016-2020): Нийт хүн амын 70%-г өндөр хурдны интернетийн сүлжээнд холбож, газар нутгийн байршлаас үл хамаарсан интернетийн ижил үнэ, тарифыг мөрдөж …” гэж буюу Нийслэлийн захын хорооллын иргэд байтугай хөдөөгийхөн УБ-ын барилгажсан хорооллын суугчидтай адил үзүүлэлттэй интернетийн үйлчилгээг ижил тарифаар авна гэж заасан.

Дээрх тариф багагүй нөлөөлснөөс эмнэлэг, сургуулиуд, ялангуяа их, дээд боловсролын байгууллага, номын сан онлайн болоогүй, ажлын байранд зайнаас ажиллах журам нэвтрээгүй, дэлгүүр, захын бараа, бүтээгдхүүн, үйлчилгээнүүд нэгбүрчлэн интернетэд байршаагүй тул иргэд биеээр очиж үзүүлэх, үзэх, унших, ажиллах, худалдаж авах явдал Нийслэлийн замын бөглөрөл, агаарын бохирдлыг ихэсгэхийн дээр ДНБ-г буюу Э/З-ийн өгөөжийг багасгадаг Завсрын Хэрэглээг өсгөж байна. Нийслэл хотынхон  МУ-ын Засгийн Газарт ҮБ-2030-ын 2.1.5-ын Зорилт.7-г хэрэгжүүлэхийг уриалцгаая!

 

5. Ашигласан материал:

5.1 Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030.

5.2 Г. Оюунбаяр, “Нарны цацрагаас халаалга авах” ОӨГ-ын Ашигтай загварын гэрчилгээ №1346, 2006.1.24.

5.3 Г. Оюунбаяр, ОӨГ-ын Шинэ бүтээлийн мэдүүлгийн өргөдөл, №10-2019-0006437

 

Г. Оюунбаяр, 93111000 https://gmobile.mn/ns/177.html  дээр байрлуулав.